Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
TELEGRAM

Н.Учрал: 1xBet-ээс болж гэр бүлийнхэн рүү мессежээр дарамт ирдэг. Би унаж, босож үзсэн учраас бууж өгөхгүй

асгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тус хуульд Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох заалтуудыг тусгасан юм.

Иймд бид тус хуулийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай ярилцлаа.

-Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль нь ямар учир дутагдалтай байв?

Сурталчилгаа

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн хуульд төлбөр таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам өгдөг. Энэ зөвшөөрөл өнгөрсөн хугацаанд гурван байгууллагад олгогдсон байна. Тэдгээр нь бооцоот тоглоом гэдэг нэрийн дор цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулдаг. One Xbet гэдэг сайтын цаана 110 агент жуучилж үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ тус агентлагууд 2-5 хувийн шимтгэл авдаг юм байна лээ. Энэ мэтчлэн бүх төрлийн янз бүрийн апплейкшн гаргаад түүнийгээ бооцоот тоглоом, төлбөр таавар гэж нэрлээд залуучуудыг мөрийтэй тоглоом руу уруу татдаг үйлдлүүд маш их байдаг.

Тиймээс төлбөр, таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг азийн 46 улсаас бараг 20 гаруй улс нь бүрэн хориглочихсон. Зарим нь хэсэгчлэн зохицуулчихсан байгаа. Иймд тус жишгийн дагуу Монгол Улс зөвшөөрлийн хуулиасаа энэ хэсгийг авах ёстой гэж үзээд Монгол Улс цахим мөрийтэй тоглоом, бооцоот, төлбөр тааврыг хориглоно гэсэн зөвшөөрлийн хуулийг УИХ-д өргөн бариад байна.

-Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан бол 5-8 жилийн хорих ялтай байхаар тусгасан-

-Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар өөрчлөлтүүд орж ирэх вэ?

-Хохирлогдож байгаа учир хуулиа дагаад Эрүүгийн хуулиар цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөр, тааврын үйл ажиллагаа хориглоно. Хэрэв хориотой байхад ийм төрлийн үйл ажиллагааг эрхэлсэн бол. Мөн энэ тоглоомд дансаа ашиглуулж дэмжлэг үзүүлсэн бол. Дээрээс нь агент буюу жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж, мөрийтэй тоглоом жуулчилсан бол гээд үйлдэл бүр дээр нь хориглоно. Мөн зөрчлийн хуулиар хэрвээ бооцоот тоглоом, төлбөр таавар, цахим мөрийтэй тоглоомыг ямар нэгэн хэлбэрээр буюу телевизээр, веб хуудсаар, хувцас дээрээ нэрийг нь бичих зэрэг байдлаар сурталчилсан бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Тоглосон бол бас зөрчлийн хуулиар хариуцлага хүлээн гэдэг заалт оруулсан.

Дээрээс нь банкны үйл ажиллагаа нь дээр ямар заалтыг хөндөж байна вэ гэхээр. Энэ үйлдэлтэй бид ганц технологиор тэмцэж чадахгүй. Яагаад гэвэл VPN ашигладаг, янз бүрийн арга ашигладаг болчихсон. Тиймээс бидэнтэй банк санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Тэгж байж гадагшаа гарч байгаа мөнгөн урсгал дээр хязгаарлалт хийх боломж нээгдэх учраас банкны хуульд тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан. Зар сурталчилгааны хуулиар мөн энэ төрлийн үйл ажиллагааг бүрэн хориглох заалтыг оруулсан.

-Хууль батлагдсанаар хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. Хуулийн хэрэгжилтийг яаж хянах юм?

-Энэ хууль батлагдаж гарснаараа одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа бооцоот тоглоом төлбөр, тааврын гурван компанийн эрх цуцлагдана гэсэн үг. Дахиж энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх нь хуулиар хориотой болно. Тус гурван компани өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан хэдий ч нэг ч төгрөгийн татвар улсад төлөөгүй байсан. Энэ бол бас л нэг далд эдийн засаг. Гэхдээ технологийн хувьд хууль гарлаа гээд маргааш гэхэд бүх юм 100 хувь шийдвэрлэгдэхэд хэцүү. Яагаад гэвэл дээр дурдсанчлан VPN ашигладаг. Янз бүрийн гаднын банкны картууд ашиглах тохиолдлууд байдаг. Гэхдээ банк санхүүгийн байгууллага, хуулийн байгууллага, технологийн шийдэлтэй компаниуд нийлээд ажиллаж эхлэхээр энд тодорхой үр дүн гарах нь олон улсын жишгээс харагдаж байгаа юм.

Одоо бол манай улс бүхэлд нь хориглоод соён гэгээрүүлэх ажиллагаа зохион байгуулаад үнэхээр мөрийтэй тоглоом тоглох, бооцоот тоглоом тоглох хандлага нь өөрчлөгдсөн цагт тодорхой шаардлага тавиад үйл ажиллагааг нь зөвшөөрөх асуудал ирээдүй цагт яригдана.

Харин өнөөдрийн байдлаар бол зохимжгүй. Яагаад гэвэл 2024 онд нийт гадагшаа урссан мөнгөн урсгал 500 сая доллар буюу 1.7 их наяд байна. Манай улсад хүүхдийн мөнгө жилд 1.6 их наяд байдаг. Хүүхдийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг нь ямар ч бүртгэлгүй, татваргүй гадагшаа гаргаад байхаар валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж байгаа энэ үед эсрэг үр дүнд хүргэж, инфляц өдөөж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Энэ бол зөвхөн тоглоод байгаа хэдэн хүний асуудал биш. Монголын ард түмний асуудал юм байна гэдэг бодлогоор Засгийн газар шийдвэр гаргасан. Бас УИХ-ын гишүүд тусдаа санаачилж байгаа хууль байх шиг байна. Үүнийг гишүүд Засгийн газрын баримталж байгаа бодлоготой нийлүүлж, УИХ эцсийн шийдвэрийг гаргана.

-Сурталчилхаас бусад бүх тохиолдолд Эрүүгийн хуулиар шийдвэрлэх юм байна. Хэдэн жилийн ял шийтгэлтэй байхаар тусгасан бэ?

-Хэрэв цахим мөрийтэй тоглоомыг дэмжлэг үзүүлж, зохион байгуулж, үйл ажиллагааг нь явуулсан бол буюу апплейкшн гаргаад, компани байгуулаад ашиг олохоор хүмүүсийн татан оролцуулж данс нээсэн бол 5-8 жилийн хорих ялтай. Зорчих эрхийг хязгаарлах ялтай. Мөн торгох заалттай.

-Хууль батлагдсаны дараа мөрийтэй тоглоомд донтсон иргэдээ эмчлэх, соён гэгээрүүлэх ажил явагдана-

-Цахим мөрийтэй тоглоомыг хуулийн байгууллагынхан хүртэл зохион байгуулдаг, оролцдог байж болзошгүй кейсүүд олон гарч байна. Ер нь хуулиа батлуулж дийлэх юм уу?

-Нотлох баримт надад бүрэн байхгүй учраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа мэдээллийг ярих эрх байхгүй. Гэхдээ хэрэв энэ хуулийг хэрэгжиж байхад зөрчих юм бол хяналт бүр чангарна. Энэ төрлийн гэмт хэрэгт төрийн байгууллагынхан, иргэд аль аль нь оролцсон тохиолдолд хариуцлага маш өндөр түвшинд нэмэгдэнэ. Өмнө нь төлбөр, таавар, бооцоот тоглоом гэж зөвшөөрсөн учраас зарим үйл ажиллагаагаа хувь хүмүүс “бид зөвшөөрөл аваагүй. Гэхдээ бид бооцоот тоглоом гээд хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулсан. Шаардлагатай бол зөвшөөрөл авъя. Зөвшөөрөлгүй явуулж байсан дээрээ торгууль төлье” гээд хэдэн төгрөг өгөөд өнгөрөөчихдөг байсан. Харин одоо хуулиар хориотой болчихоор энэ төрлийн үйл ажиллагааг нууцаар явуулах ямар ч боломжгүй болно.

Харин батлуулах тухайд хуулиа батлуулахыг төлөө үр хүүхэдтэй болгон санаа зовох ёстой. Ер нь энэ чинь айл болгоны л зовлон болчихлоо шүү дээ.

Засгийн газрын хариуцлагаа нэмэгдүүлье гэсэн бодлогын хүрээнд Сангийн сайд, Цахим хөгжлийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд бүгд үзэл баримтлалаа хамтарч баталсан хууль. Ерөнхий сайд тодорхой үүрэг өгсөн. Засгийн газар мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад хариуцлага ноогдуулна гэдгээ хэлсэн. Хориглох нь ард түмэнд ээлтэй шийдвэр гэдгийг илэрхийлсэн. Хууль батлагдсаны дараа технологи, хууль, санхүүгийн байгууллага бүгдээрээ тэмцэх хэрэгтэй.

Мөн соён гэгээрүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй. Мөрийтэй тоглоомд донтсон бол ямар эмчилгээ хийх үү. Яаж тэр хүмүүсийн татан гаргах вэ гэдэг зүйлсээ хийх хэрэгтэй.

Бидний хувьд хуулиа нэн яаралтай горимоор өргөн барьсан. Өнөөдөр монголбанкнаас авсан мэдээллээр нэг, хоёрдугаар сард мөрийтэй тоглоомоор дамжин 87 сая доллар гарсан байна. Жилийн хугацаанд 500 сая доллар гардаг байсан шүү дээ. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард л гэхэд 500 сая доллар алдчихлаа. Энэ завсарт хуулиа бичиж эхлээд, хэлэлцүүлгүүд хийгээд сарын хугацаа алдсан. Энэ хооронд 87 сая ам доллар алдчихлаа. Тиймээс сая өргөн барьсан хуулийг яаралтай горимоор батлах нь зөв.

-Олон хүний эрх ашиг яригдаж байгаа байх. Танд ер нь хэр их эсэргүүцэл, дарамт, шахалт ирж байна?

-Энэ хуулийг санаачлаад, хуулиа батлуулъя гээд явахад маш олон хүний эрх ашиг хөндөгддөг байгаа учраас үүнийг иргэд маш зөв ойлгох ёстой. Энэ бол тийм амар ажил биш. Жил бүр 1.7 их наяд гадагшаа урсаж байгаа. Үүний цаана ямар олон ААН-үүд байна. Ганц сайт руу мөнгө урсгаад байгаа 110 агент байна. Тэр агентууд нь дундаас нь жуулчилсныхаа хөлсөнд мөнгө авна гээд энэ олон хүний бизнесийн эрх ашиг хөндөгдөнө.

Бизнесийн эрх ашиг хөндөгдөхөөр намайг янз бүрээр нь шүүмжлэх, шахалт үзүүлэх янз бүрийн юм ирж байна л даа. Байнга л мессеж ирж байна. Гэхдээ миний хувьд үүн дээр ухарч, няцах зүйл байхгүй.

Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ эрх ашгийн төлөө, ард түмнийгээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах эрхийнхээ төлөө тууштай ажиллах үүрэгтэй. Би төрийн ажлаа л хийж байна гэж бодож байна.

Би аль эрт төрийн өмчийн компаниудын 50 хувийг буулгая гэсэн. Эд нар чинь дандаа нэг нэг улс төрчийн хамааралтай компаниуд. Энд ашиг сонирхол хөндөгдөх үү. Хөндөгдөнө. Төрийн албанд шинэчлэл хийе гэж байгаа. Энэ дээр бас ашиг сонирхол хөндөгдөх үү. Хөндөгдөнө. Одоо энэ зөвшөөрөл дээр би сая 50 журам цуцлууллаа. Энд бас эрх авдаг байсан хэдэн албан тушаалтны эрх ашиг хөндөгдөж л байна. Цахим мөрийтэй тоглоомын ард том эрх ашиг байна уу. Байна. Монгол Улсад хэрэгтэй хөрөнгө оруулалтын гэрээг батлууллаа. Үүний дээр мөн УИХ-аар батлуулсан шийдвэрийн төлөө намайг зохион байгуулалттай хүмүүс янз бүрээр харааж зүхэж байна.

Гэр бүл, үр хүүхэд рүү янз бүрийн мессеж бичиж, утсаар дарамталдаг ийм зүйл байсаар байгаа. Гэхдээ тэглээ гээд хийж байгаа зүйлээсээ ухарч, няцах зүйл байхгүй. Би чинь бас унаж боссон хүн тиймээс ийм жижиг сажиг зүйлд бууж өгөхгүй. Гол нь миний амьдрал, гэр бүл, гэр бүлийн бизнес бүх зүйл ил тод байдаг. Надад нуугаад байх зүйл байхгүй учраас надтай хамааруулж янз бүрийн зүйлтэй холбож байгаа нь зөвийн төлөө явахад хориг, саад болохгүй. Тиймээс би зоригтой байгаа. Би уул уурхайн салбарт ч тэр, мөрийтэй тоглоомын салбарт ч тэр ямар ч эрх ашгийн зөрчилгүй болохоор зоригтой ажиллаж байна.

-Цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар зэргийг ялгаж үзэх шаардлагатай. Хамтатгах шаардлагагүй зүйлсийг бөөнд нь хамчихлаа гэх шүүмжлэл бас гарч байна. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийгэмд маш олон талаас нь нухацтай харж, зөв өнцгөөс нь тайлбарлах хэрэгтэй байх. Ухаантай хандах хэрэгтэй. Зарим хүмүүс төлбөр, тааврыг нь үлдээх хэрэгтэй гэж ярьж байна. Яг үнэндээ тэглээ гээд ямар үр дүнд хүрсэн юм. Өнгөрсөн хугацаанд гурван байгууллагад тусгай зөвшөөрөл өгчхөөд байхад 32 тэрбумын татвар төлөхөөс нэг ч төгрөгийг нь төлөөгүй байна. Үүн дээр ямар арга хэмжээ авсан юм. Яагаад авдаггүй юм бэ гэдэг асуудал яригдана. Тиймээс энэ талын асуудалд бүрэн хориг тавих нь л ард түмнээ бодсон шийдвэр. Айл болгон бидний ах дүү хамаатан садан, эргэн тойронд гар утсаараа цахим мөрийтэй тоглоом, төлбөр, тааврын сайтад тоглоод сууж байгаа хүмүүс бий. Ашиг хонжоо хайгчид нь бооцоот тоглоом руу иргэдийг татаж оруулаад янз бүрийн үйлдэл хийдэг. Энэ бол маш нарийн системээр явдаг юм байна. Мөнгө угаах маш том схем юм байна.

Өнгөрсөн хугацаанд мөнгө угаах шинж агуулагдаагүй бол залилангийн шинж агуулагдаагүй учраас яаж ч чаддаггүй байсан. Яагаад гэвэл зуучлахыг нь, үйл ажиллагаа эрхлэхийг нь, сурталчлахыг нь хуулиар хориогүй учраас. Одоо бол үйлдэл болгон дээр нь хориглоно.

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
Сурталчилгаа