БНХАУ-ын Засгийн газраас гангийн үйлдвэрлэлээ багасгана хэмээн 3-р сард мэдэгдэж байсан билээ. Энэ мэдэгдлийнхээ араас ойрын хугацаанд тус улсын гангийн гол ассоциац үйлдвэрлэлийн гарцыг танах арга хэмжээнүүд авч эхэллээ. Үүнийг дагаад төмрийн хүдрийн үнэ биржүүд дээр буурч эхлээд байна.
Хятадын Засгийн газар түүхий гангийн илүүдэл нийлүүлэлтээ арилгаж, гангийн салбараа бүтцийн өөрчлөлтөд оруулах ажлыг эрчимтэй хийж эхэллээ. 2020-2024 оны хооронд тус улсын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 5.6 хувиар буурсан бөгөөд энэ онд гангийн экспортын төлөвт худалдааны дайн багагүй саад учруулсан.
Энэ оны эхний 2-р сарын байдлаар БНХАУ-ын импортолсон гол нэрийн түүхий эдийн статистик тоон мэдээллийг авч үзвэл:
- Төмрийн хүдэр 191 сая тонн буюу 8.4 хувь, импортын дундаж үнэ 1 тонн нь 714.2 юаниар буюу 22.8 хувиар тус тус буурсан
- Түүхий нефьт 83,854 сая тонн буюу 5 хувь, тн тутам нь 3,987.3 юаниар буюу 4.6 хувиар буурсан
- Нүүрс 76,119 сая тонн буюу 2.1 хувиар нэмэгдэж, тонн тутам нь 612.8 юань буюу 19.3 хувиар буурсан
- Байгалийн хий 20,311 сая тонн буюу 7.7 хувь, тонн тутам нь 3,452.4 юань буюу 5.5 хувиар буурсан
- Буурцаг 13,606 сая тонн буюу 4.4 хувиар өсөж, тонн тутам нь 3,328.9 юань буюу 17.4 хувиар буурсан;
- Боловсруулсан нефть 6,343 сая тн буюу 16.2 хувиар буурч, тонн тутам нь 4,361.6 юань буюу 2.6 хувиар өсчээ.
Хятад улс нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч, хэрэглэгч улс бөгөөд үйлдвэрлэлийн замбараагүй өрсөлдөөнийг хязгаарлах замаар гангийн салбарын зохицуулалтыг шинэчлэхээр зорьж буй. Одоогийн байдлаар Бээжинг 50 сая тонн орчим гангийн үйлдвэрлэлийг бууруулж болзошгүй гэсэн таамаг хөвөрч байна.
2024 онд Монгол Улс Хятад руу нийт 83.7 сая тонн нүүрс экспортолсны дийлэнхийг коксжих нүүрс эзэлсэн бөгөөд Монгол Улс Хятадын коксжих нүүрсний голлох нийлүүлэгчдийн нэг юм. Манай улсын нүүрсний экспорт 2023 онд эрс нэмэгдэж 66.7 сая тоннд хүрсэн нь 2022 оныхоос 110.5 хувиар өссөн үзүүлэлт байв. Экспортын орлого нэмэгдсэн ч тонн тутмын дундаж үнэ 35.9 хувиар буурсан юм. Нийт экспортын 99.5 хувийг БНХАУ дангаараа худалдан авдаг.
Манай улс жилд ойролцоогоор Хятад руу 7–9 сая тонн төмрийн хүдэр экспортолдог бөгөөд 2021 онд Монгол Улс нийт 8.8 сая тонн төмрийн хүдэр экспортолсны 99 хувийг Хятад эзэлжээ.
Энэ онд коксжих нүүрсний үнэ харьцангуй сэргэнэ гэсэн өөдрөг төсөөлөл, хүлээлтийг ийн эвдэж Хятад улс гангийн үйлдвэрлэлээ хумихаар болсон нь энэ онд манай улс нүүрсний экспортоо 86 сая тонд хүргэх үү үгүй юу гэдэг сорилт болов.
Мөн нөгөө талд ОХУ жилдээ 100 гаруй сая тонн нүүрс экспортод гаргадаг. Харин БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй нүүрсний хэмжээ, хувийн жингээр өнөөгийн байдлаар Австрали, Индонези, Монгол Улсын дараа 4 дүгээрт бичигдэж байна. Өнгөрсөн 2024 онд ОХУ нийт 95 сая тонн нүүрс экспортод гаргасан бол 2025 онд 105 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна. Өөрөөр хэлбэл энэ талбарын өрсөлдөгчид жил бүр хэмжээгээ ахиулж, боломжит тээвэрлэлтээр Хятад руу нүүрсээ нийлүүлэх дэд бүтцээ сайжруулсаар байгаа.
Ингээд харахаар, Хятадын гангийн үйлдвэрлэл хөдөлгөөнд орох нь манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого, биет хэмжээний гарцад нөлөөлөөд зогсохгүй цаашлаад төсвийн дарамт болж томрох эрсдэлтэй байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: www.eguur.mn