Баасан гарагт /2025.05.09/ Москва хотноо Ялалтын баярын парад явагдсан. Тус арга хэмжээнд БНХАУ, Беларусь, Венесуэль, Монгол Улс гэх мэт 29 гаруй орны төрийн тэргүүн оролцсон юм. Тэгвэл Их Британи, Франц, Польш болон Германы төрийн тэргүүн нар өнөөдөр /2025.05.10/ Киевт айлчилж, дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар АНУ болон Европын дэвшүүлсэн Украинд 30 хоног гал зогсоох талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцэх юм. Уг гал зогсоох тохиролцоог Москва эсэргүүцвэл нэмж хориг тавих талаар авч үзэж аж. Германы Канцлер Фридрих Мерз, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн Ерөнхий сайд Доналд Таск хамтран мэдэгдэл гаргахдаа “АНУ-ын хамтаар бид ОХУ-ыг шударга, урт удаан энх тайвны яриа хэлэлцээ хийх боломж үүсгэхийн тулд 30 хоногийн турш бүрэн бөгөөд болзолгүйгээр гал зогсоохыг уриалж байна” гэсэн юм.