Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төслийг УИХ-ын 40 гаруй гишүүн боловсруулж, Т.Аубакир ахалсан.
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Энэ бол Сангийн яамны захиалгат хууль. Гадаад өрийг төсвөөс гадуур зохицуулах гэж байна. Энэ бол хулгай, маш том эрсдэл” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Энэ тал дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ингэж ярилаа.
Тэрбээр “Г.Тэмүүлэн гишүүний ярьж байгаа ч зорилго, Т.Аубакирынх ч зорилго. Хоорондоо зөрчилдөх юм алга. Хэрэгжүүлэх арга зам нь л зөрчилдөөнтэй байна.
Г.Тэмүүлэн гишүүн гадаад зээлийг төсвөөс гаргаж шийдэх нь эдийн засаг, нийгмийн эрсдэл дагуулна. Санхүүгийн хямрал бий болно гэж хэлсэн. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд мэдээж эргэж харна. Зэрэглэл буурч, хүү өснө гэсэн үг. Инфляцад нөлөөлнө, төгрөгийн ханш муудна. Сөрөг үр дагавар олон бий.
Дундын шийдлийг нь би төсвийн тодотгол гэж харж байгаа.
Төсөвтэй холбоотой алив зохицуулалтыг зөвхөн Засгийн газар өргөн мэдүүлэх үүрэгтэй. Энэ зөрчигдөөд байна. Энэ хуулийн төсөл УИХ-аар орвол, ҮХЦ-ийн асуудал үүсэх гээд байна. Мэдээж мега төслүүдээ явуулмаар, гадагшаа гарч буй валютын урсгалыг багасгамаар байна.
Энэ Засгийн газар бол төсвийн тодотголоо оруулж ирэх нь дундын шийдэл мөн.
Нэр бүхий гишүүдтэй уулзсан. Зарим нь Ерөнхийлөгчийн захиалгатай хууль гэсэн. Залгасан, мессеж бичсэнийг нь үзүүлсэн. Би эргэлзэж байна. 2025 оны улсын төсвийг алдагдалтай баталсан, нэр бүхий гишүүд эсэргүүцсэн. Ерөнхийлөгч хориг тавьсан. Алдагдалгүй болго гээд. Гэтэл одоо эргээд үүнийхээ эсрэг шийдвэр гаргана гэж бодохгүй байна. ЕТГ байр сууриа илэрхийлсэн нь зөв байх.
Мөн Сангийн сайдын захиалга ч гэсэн. Мөн байр сууриа илэрхийлээсэй.
Хэн захиалсан гэхээсээ, оновчтой шийдлээ л Монголын төр гаргах хэрэгтэй. Төсвийн сахилга батаа барья гэж хэлсэн Г.Тэмүүлэн гишүүний буруу биш шүү дээ, яахаараа гаднын гар хөл болдог юм.
Ер нь төрийн урсгал зардал арай дэндүү байна. Орон тоо хэмжээ хязгааргүй нэмэгдэж байна. Татвар төлөгчид төрийн албаны тансаглалыг л хангаж байна. Ерөнхий сайд энэ ондоо багтан Татварын багц хуулийг оруулж ирнэ, бууруулна гэж амласан. Гэтэл төсвөөс гадуур ингэж асуудлыг шийдэх юм бол татвар буурна гэж байхгүй. Эсрэгээрээ нэмэгдэнэ.
Өчигдөр нэг мэдээлэл сонслоо. Мань мэт нь хэдий боломжтой ч Lexus 600-гийн барааг үзээгүй байна. Гэтэл төр 700-г нь худалдаж аваад байх юм. Энэ зэргээ эргэж харах л хэрэгтэй.
Институт хоорондын зөрчил бас харагдаад, ойлгохгүй л байгаад байна” гэлээ.
Г.САНСАРМАА