УИХ-ын чуулган хуралдаж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох юм. Харин түр үүрэг гүйцэтгэж байсан Д.Загджавыг чөлөөлнө.
Төсвийн байнгын хороогоор нэр дэвшигчийн нээлттэй сонсгол явуулсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, “2025 оны төсөв ярьж байх үеэр аудит дүгнэлт хийсэн. Ерөнхийдөө агуулгын хувьд нийцэж байна гэж дүгнээд, нарийвчлаагүй орхисон. Яагаад гэж асуухаар, дүгнэлт хийх, үнэлэх шалгуур үзүүлэлт тодорхойгүй гэдэг зүйлийг хэлсэн. Төсөв гэнгүүт хоёр тийшээ туйлшраад байна. Эдийн засгаа тэлэх, зардлаа хэмнэх гэж хоёр янз. Хэмнэ гээд 20 хувийг нь хасчихсан. Дагаад бүтээмж бий болгодог салбаруудын төсөв танагдчихсан. Тэгэхээр аудит өөрөө маш нарийн дүгнэлт гаргамаар байна. Тэгвэл ямар төсвөө өргөтгөх вэ, ямар төсвөө танах вэ гэдгээ бүтээлчээр харна. Та үүнийг ажил хэрэг болгомоор байна. Тэр шалгуур үзүүлэлтийг тодорхой болго. Үүн дээр онцгой анхаарч, намар төсөв хэлэлцэхээс өмнө зохицуулалтын хувьд тодорхой болгоод өгөөрэй” гэлээ.