“Google” хиймэл оюун ухааныг зэвсгийн зориулалтаар ашиглахгүй гэх амлалтаасаа ухарчээ
“Google” компани хиймэл оюун ухааны (AI) хэрэглээний ёс зүйн бодлогоо шинэчлэхдээ уг технологийг зэвсэг болон олон нийтийг хянах зорилгоор ашиглахгүй хэмээсэн амлалтаа бодлогоосоо хассан байна.
Энэ талаар “CNN” агентлаг мэдээлэхдээ, интернетийн архив “Wayback Machine”-ийг ашиглан компанийн өмнөх бодлогын хувилбарыг харьцуулан судалжээ. Өмнөх хувилбарт хиймэл оюун ухааныг дараах зорилгоор ашиглахгүй гэж тусгасан байв. Үүнд:
- Зэвсгийн зориулалттай систем,
- Хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлэх технологи,
- Олон улсын хэм хэмжээг зөрчсөн, хүний эрхийг зөрчиж болзошгүй хяналтын систем зэрэг багтаж байжээ.
Харин 2024 оны шинэчилсэн бодлогод эдгээр заалтуудыг хассан нь анхаарал татаж байна.
Энэхүү өөрчлөлт нь тус компанийн өнгөрсөн бодлогоос эрс өөр чиглэлд шилжиж буйг харуулж байгаа юм. Тухайлбал, 2018 онд “Google” компани АНУ-ын Батлан хамгаалах яамнаас зарласан 10 тэрбум ам.долларын үүлэн тооцооллын тендерт оролцохоос татгалзсан. Тухайн үед компанийн зүгээс “Манай хиймэл оюун ухааны ёс зүйн зарчимтай энэ төсөл нийцэх эсэхэд бүрэн итгэлгүй байна” хэмээн мэдэгдэж байв.