Сурталчилгаа

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
TELEGRAM

БНХАУ-ын стартап шинэ хиймэл оюун ухаанаараа АНУ-ын томоохон компаниудыг сандаргав

Сүүлийн хэдэн жил хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн уралдаанд АНУ дэлхийн бусад томоохон орнуудыг илт давамгайлж байгаа мэт харагдсаар ирсэн. Өнгөрсөн жил ChatGPT-тэй өрсөлдөх зорилгоор БНХАУ-ын технологийн аварга “Baidu” компани Ernie нэртэй чатботоо танилцуулсан нь хүлээлтэд хүрээгүй. Уг явдлын дараа АНУ хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн өрсөлдөөнд илүүрхэж байгаа нь тодорхой болсон. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден хиймэл оюун ухаан, цэргийн технологийн хөгжилд шаардлагатай орчин үеийн хамгийн өндөр хүчин чадал бүхий микрочипийг БНХАУ-руу экспортлохыг хориглосон нь АНУ-ын давамгай байдлыг хадгална гэдгийг нэмж бататгаж байсан юм.

Гэвч энэ илт давамгай байдал нь хэдхэн хоногийн дотор арилав. “DeepSeek” нэртэй Хятад стартапын танилцуулсан хямд өртгөөр бүтсэн гэх хиймэл оюун ухаан олны анхаарлыг татаж, улмаар АНУ-ын хөрөнгийн зах зээл донсолсон юм.

Тухайлбал хиймэл оюун ухааныг хөгжүүлэх микрочипийг үйлдвэрлэдэг, технологийн томчуудын нэг болох “Nvidia” компанийн хувьцаа даваа гарагт /2025.01.27/ 17 хувиар унасан юм. Ингэж хувьцааных нь ханш унасны улмаас “Nvidia”-гийн зах зээлийн үнэлгээнээс 593 тэрбум ам.доллар арчигдсан. Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд оролцдог хагас дамжуулагч, энерги, дэд бүтцийн компаниудын зах зээлийн үнэлгээ нийтдээ нэг их наяд ам.доллароор багассан билээ.

Сурталчилгаа

Хөрөнгө оруулагчид ийнхүү хувьцаагаа их хэмжээгээр зарсан шалтгаан бол “Nvidia” гэх мэт хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг манлайлдаг Америк компаниудын ноёрхлоо алдаж магадгүй хэмээх айдас байсан юм. Учир нь гэвэл “DeepSeek”-ийн танилцуулсан V3 болон R1 хиймэл оюун ухаан нь “Meta”, “OpenAI”, “Google” компаниудын хиймэл оюун ухаантай харьцуулахад маш хямд өртгөөр бүтсэн байна.

БНХАУ-ын жижиг стартап компани Америкийн томчуудтай өрсөлдөхүйц болон хүч түрж гарч ирсэн нь хиймэл оюун ухааны салбар дахь АНУ-ын тэргүүлэлд эргэлзээ үүсэхэд хүргэв.

Тус компани нэгдүгээр сарын 10-нд V3, нэгдүгээр сарын 20-нд R1 нэртэй хиймэл оюун ухаан бүхий чатботоо танилцуулсан. Хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан нь R1 загвар. Тус загварыг ашиглахыг хүссэн олон хүн “DeepSeek” компанийн аппликейшнийг татаж авах болсон. Тодруулбал тус компанийн аппликейшн АНУ, Канад, БНХАУ, Сингапур, Их Британи гэх мэт орнуудын AppStore дээрх хамгийн их татаж авсан жагсаалтыг тэргүүлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт “DeepSeek”-ийн судлаачид нийтэлсэн эрдэм шинжилгээний ажил дээр V3 загварыг “Nvidia” компанийн H800 чипийг ашиглан, зургаан сая ам.долларын өртөгтэй бүтээсэн гэж бичжээ. H800 нь “Nvidia”-гийн сүүлийн үед гаргасан H100 зэрэг чиптэй харьцуулахад хүчин чадал султай.

H800 буюу хүчин чадал султай чип ашиглан Америкийн технологийн акулуудын чатботтой өрсөлдөх хэмжээний хиймэл оюун ухаан бүтээсэн нь технологийн салбарыг гайхшируулаад байгаа юм.

Харин R1 загвар нь ямар үйлдэл хийлгэхээс хамаарч “OpenAI” компанийн хамгийн сүүлд танилцуулсан ChatGPT-o1 загвараас 20-50 дахин хямд төсөвтэй гэж “DeepSeek” мэдээлсэн. Гэхдээ зарим мэргэжилтнүүд тэдгээр чатботыг ийм хямд өртөгтэй бүтээсэн гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

R1 загвар илүү хямд төсвөөр бүтсэн гэгдэж буйгаас гадна үзүүлэлтээрээ ChatGPT-o1 загвартай эн тэнцүү, зарим талаараа бүр илүү байгааг туршигчид мэдээлж байна. Хиймэл оюун ухаан бүхий чатботыг үзүүлэлтээр нь жагсаадаг “Chatbot Arena” сайт одоогийн байдлаар R1 загварыг гуравдугаар байрт, o1 загварыг дөрөвдүгээр байрт жагсаажээ.

Мөн “OpenAI”-ын ChatGPT, “Google”-ийн Gemini чатботтой харьцуулахад R1 нь open source гэдгээрээ давуу талтай хэмээн хүмүүс үзэж байна. Open source гэдэг нь хүссэн хүн R1-ийг татаж авч өөрчилж, судлахад нээлттэй, өмчилсөн лицензгүй гэсэн үг.

Тэгвэл АНУ-ын хөрөнгийн зах зээлийг донсолгосон “DeepSeek” компанийн тухай харцгаая

БНХАУ-ын Ханжоу хотод үйл ажиллагаа явуулдаг “DeepSeek” компанийг 2023 онд Лиан Вэнфэнь үүсгэн байгуулжээ. Тус компани нь Вэнфэний эзэмшдэг “High-Flyer” нэртэй хэдж сангийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Лиан 2023 онд Хятадын “Waves” хэвлэлд өгсөн ярилцлагадаа стартап компаниуд хиймэл оюун ухаан хөгжүүлж эхлэхэд хэтэрхий оройтсон эсвэл хэтэрхий өндөр өртөг шаардана гэх бодлыг эсэргүүцжээ. Тэр сониуч зан нь хөдөлсөн тул хиймэл оюун ухааныг сонирхсон хэмээсэн юм.

Лиан “Илүү өргөн өнцгөөс харвал бид хэд хэдэн таамаглалыг батлахыг хүсэж байгаа. Тухайлбал хүний оюун ухааны мөн чанар нь хэл, хүний сэтгэхүй нь үндсэндээ хэл шинжлэлийн үйл явц байж магадгүй гэх таамаглал дэвшүүлсэн” гэсэн байна.

Зах зээлд анализ хийж товхимол гаргадаг “The Kobeissi Letter”-ийн үүсгэн байгуулагч Адам Кобейси “OpenAI компани арван жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. 4,500 гаруй ажилтантай, 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгосон. Харин DeepSeek хоёрхон жилийн өмнө байгуулагдаж, 200 ажилтай үйл ажиллагаа явуулдаг. 10 сая ам.доллароос бага үнээр бүтээгдсэн” гэж харьцуулж жиргэжээ.

“DeepSeek”-ийг Спутниктэй адилтгав

Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Марк Андреессен “DeepSeek”-ийн R1 загварыг ЗХУ Спутник хиймэл дагуулыг хөөргөсөнтэй адилтгасан байна. 1957 оны аравдугаар сард ЗХУ Спутник I нэртэй хиймэл дагуулаа хөөргөсөн нь АНУ-ын эрх баригчдыг цочирдуулж, хоёр их гүрний хооронд сансар руу тэмүүлсэн өрсөлдөөнийг эхлүүлсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Хятадын DeepSeek компаниас хиймэл оюун ухаан танилцуулсан нь манай компаниудын хувьд нохойн дуу боллоо. Бид энэ өрсөлдөөнд ялахын тулд лазер чиглүүлж байгаа мэт төвлөрөх хэрэгтэй. Би Хятад болон Хятадын зарим компаниудын талаар уншсан. Тэр компаниудын нэг нь илүү хурдан, өртөг багатайгаар хиймэл оюун ухаан хөгжүүлэх арга олсон байна. Тийм ч их мөнгө зарцуулах шаардлагагүй болсон нь сайн зүйл. Үүнийг би эерэг зүйл гэж харж байна” хэмээсэн юм.

Ийнхүү хүмүүс “DeepSeek”-ийн хиймэл оюун ухаанд янз бүрийн хариу үйлдэл үзүүлсэн бол технологийн томчууд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд олон тэрбум ам.доллар зарцуулж буйгаа хамгаалсан мэдэгдэл гаргав. “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг “Дэд бүтцэд маш их хөрөнгө оруулалт хийх нь цаг хугацаа өнгөрөх тусам давуу тал болно” гэжээ. Харин “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал “Хиймэл оюун ухаан илүү үр дүнтэй, хүртээмжтэй болохын хэрээр эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэнэ” хэмээсэн байна.

Гэхдээ Трамп нохойн дуу ойртсон гэж хэлсэн нь үнэн. “Futurum Group”-ийн шинжээч Даниел Ньюман энэ долоо хоногт болсон явдлыг дүгнэхдээ “Хиймэл оюун ухаанд ийм их зардал гаргаж байгаа учир ямар нэгэн байдлаар орлого олох ёстой. Энэ долоо хоног АНУ-ын хувьд сэрэх хэрэгтэйг харуулсан дохио боллоо. Одоогийн байдлаар хиймэл оюун ухааны хувьд хэт их зарцуулалт гарч, хэрэглээ нь хангалтгүй байна” гэсэн юм.

Хамгийн чухал мэдээг цаг тухайд нь авч байгаарай

Бүртгүүлэх товчийг дарснаар та манай Нууцлалын бодлого, ашиглалтын нөхцлийг уншиж, зөвшөөрч буйгаа баталж байна.
Сурталчилгаа